Хан-Уул Дүүрэгт Барихаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн газрыг компаниудтай зөвшилцөж, шийдвэрлэх үүрэг өглөө.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 05 сарын 22-ны өдөр болж, “Хан-Уул дүүрэгт төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэгийн байршил”-ын талаар танилцууллаа.
Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцуулж, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг оролцлоо.
Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Хан-уул дүүрэгт сургууль, цэцэрлэгийн зориулалтаар нийт дараахь 9 байршилд 10,9 га газрыг олгохоор тусгажээ. Үүнд:
Сургууль, цэцэрлэгийн цогцолбор
-Хан-Уул дүүргийн 4-р хороо “Ар Ий Си” ХХК-ийн эзэмшил газарт тус компанитай зөвшилцөж шийдвэрлэхээр 1,1 га газар
-Хан-уул дүүргийн 4-р хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн талбайд 1,8 га газар /Төлөвлөсөн газар нь бусдын эзэмшилд олгогдоогүй/
-Хан-Уул дүүргийн 6-р хороо “Петровис” ХХК-ийн эзэмшил газарт тус компанитай зөвшилцөж шийдвэрлэхээр 1,1 га газар
-Хан-Уул дүүргийн 8-р хороо, дахин төлөвлөлтийн дагуу Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний төвийн эзэмшилд байгаа газарт тус төвтэй зөвшилцөж 1 га газар
- Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Чин тэнхлэг ХХК-тай байгуулсан гэрээт газарт сургууль, цэцэрлэг барихаар 3,5 газар
- Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дэвшилт ХХК-тай зөвшилцөж 1,8 га газарт сургууль
Цэцэрлэг
- Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Монзун лунхай ХХК-ийн эзэмшил газарт тус бүр 0,2 га газарт 3 цэцэрлэг барихаар тусгажээ.
Харин өнөөдрийн байдлаар дээрх 9 байршлаас 5 байршилд баригдах сургууль, цэцэрлэгийн газрыг шийдвэрлээд байна.“Ар Ий Си” ХХК, “Монзун лунхай” ХХК, “Цац үйлс” ХХК-тай зөвшилцөж нийт 4 байршлын 3,44 га газрыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар Нийслэлийн Боловсролын салбарт шилжүүлэхээр болсон бол Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэгч ТОСК-тай зөвшилцөж 0,79 га газарт сургууль, цэцэрлэгийн барилгыг төлөвлөж төлөвлөлтөд тусгасан байна. Мөн “Чин тэнхлэг” ХХК-ийн газарт нийслэлээс орон сууцны хороолол барихаар төлөвлөж зураг төслийн ажил хийгдэж байна.
Харин үлдсэн 4 байршил нь нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзмшиж байгаа “Петровис” ХХ, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, “Монсуль” ХХК-ийн эдэлбэр газарт төлөвлөгдсөн тул дээрх компаниудын төлөвлөлтөд нь сургууль, цэцэрлэгийг тусгаж шийдвэрлэх, эсвэл эзэмшил газраас нь шилжүүлж авах асуудлаар шийдвэрлэх шаардлагатай байгаа гэж нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж хэллээ. Хан-уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг “Ирэх жил он дамжин барихаар төлөвлөж байгаа сургууль, цэцэлэгийн газрын асуудлыг энэ жил шийдээд өгчихвөл дараа жилийн төсөвт тодорхой хөрөнгө тусгаж, хугацаа алдалгүй барих боломжтой болно” гэж онцлон хэлсэн юм.
Жил бүр Улс, Нийслэлийн төсөвт сургууль, цэцэрлэгийн зөвхөн барилга барих хөрөнгийг тусгадаг. Харин газар чөлөөлөлтөөс шалтгаалан зардал нэмэгдэх, хугацаа алдах тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс энэ эрсдэлийг тооцоолон шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргээс нийслэлд санал хүргүүлж байгаа нь цагаа олсон ажил гэдгийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд онцолсон юм. Хуралдаанаар дээрх компаниудтай зөвшилцөж, газрыг шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өглөө. Мөн бусад дүүргийн удирдлагууд энэ санаачилгын дагуу ажиллаж, сургууль, цэцэрлэгийн газрыг урьдчилан тооцоолж, бэлэн болгох хэрэгтэй гэсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.